БНХАУ-ЫН ИРГЭНИЙ НИСЭХИЙН ГАЗАР БОЛОН НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ МЕНЕЖМЕНТИЙН ТОВЧООНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦЭЭР ХИЙЛЭЭ.

1.    ТОВЧ ТАНИЦУУЛГА, УУЛЗАЛТЫН ЗОРИЛГО

БНХАУ-ын Иргэний нисэхийн менежментийн газрын ATMB буюу Нислэгийн хөдөлгөөний менежментийн товчооны төлөөлөгчидтэй хийсэн ажлын уулзалт 2012 оны 10 дугаарын сарын 8-наас 12-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотын Нислэгийн хөдөлгөөний менежментийн товчооны клубын байранд зохион байгуулагдлаа.

Уулзалтын зорилго:

1.  Монгол Улс болон БНХАУ-ын нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний төвүүдтэй байгуулсан гэрээг дүгнэх, гэрээг шинэчилэн байгуулах түүнтэй холбоотой нэмэлт өөрчлөлтүүдийг харилцан тохиролцох

2.  Монгол Улсад бодит ажиглалтын систем хэрэгжүүлсэн талаар танилцуулж цаашид хоёр тал ATS inter facility data communication (AIDC) ба ATN холболтыг хийх талаар хамтран ажиллах, санамж бичигт гарын үсэг зурах

3.  Хоёр Улсын агаарын зайн зохион байгуулалтын уялдааг сайжруулах, нислэгин хөдөлгөөний үйлчилгээний таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор NIXAL, MORIT агаарын хаалгуудын хооронд шинээр агаарын хаалга нээх саналыг шинэчилэн тавьж хэлэлцэх

4.  ОХУ, Монгол Улсын эрэн хайх, авран туслах чиглэлээр ажилласан туршлага, хамтарсан сургуулалтын талаар мэдээлэл солилцож, хоёр улсын хооронд эрэн хайх, авран туслах чиглэлээр гэрээ байгуулах асуудлыг хэлэлцэх,

5.  Нислэгийн багасгасан босоо зайчлал (RVSM)-ын футийн системийг хэрэгжүүлэхийн тулд нислэгийн цувааны футийн системд шилжих бололцооны талаар санал солилцох

2.    ОРОЛЦОГЧИД

Уулзалтанд БНХАУ-ын Иргэний нисэхийн газрын төлөөлөл буюу Нислэгийн хөдөлгөөний менежментийн товчоо ATMB-ны төлөөлөгчид болон Монгол улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын Аэронавигацийн үйлчилгээний газрын төлөөлөгчидөөс бүрдсэн нийт 26 албан хаагч оролцлоо.

Монголын талаас Иргэний нисэхийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Аэронавигацийн үйлчилгээний газрын дарга Б.Алтанцом, Мэргэжлийн хэлтэсийн дарга П.Пүрэвсүх, Мэргэжлийн хэлтэсийн менежер Д.Уртнасан, Мэргэжлийн хэлтэсийн мэргэжилтэн П.Мөнхжаргал, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны Районы нислэгийн хөдөлгөөний удирдлагын хэсгийн дарга С.Мягмардорж, мөн албаны Технологи үйл ажиллагаа, сургалтыг хэсгийн дарга Г.Таванжин нарын бүрэлдэхүүнтэй оролцлоо.

3.    УУЛЗАЛТААР ХЭЛЭЛЦСЭН АСУУДЛУУД

3.1.  МОНГОЛ УЛС БОЛОН БНХАУ-ЫН НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВҮҮДТЭЙ БАЙГУУЛСАН ГЭРЭЭГ ДҮГНЭХ, ГЭРЭЭГ ШИНЭЧИЛЭН БАЙГУУЛАХ ТҮҮНТЭЙ ХОЛБООТОЙ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТҮҮДИЙГ ХАРИЛЦАН ТОХИРОЛЦОХ

Уулзалтын эхэнд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын өнөөгийн байдал, нисэхийн аюулгүй ажиллагааг хангахад чиглэлээр хийсэн томоохон ажлуудын талаар болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон бүтээн байгуулалтын талаар товч танилцуулга хийж мэдээлэл өглөө. Энэхүү танилцуулгад дараах сэдвүүд хамарсан болно. Үүнд:

Бодит ажиглалтын систем, цаашид радиолокаторын бүрхэлтийг сайжруулах чиглэлээр хийж буй ажил, ADS-B-ыг нөөцөөр авч ашиглах талаарх цаашдын зорилт, түүний бүрхэлтийн талаар,

  • Монгол Улсын агаарын зайг бүрхэж буй навигацийн болон холбооны тоног төхөөрөмжийн өнөөгийн байдал болоод хэтийн төлөв,
  • Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрч байгаа олон улсын өнгөрөлтийн нислэг болон орон нутгийн нислэгийн өсөлт, эрчимжилтийн талаар,
  • Метрийн системээс feet-ийн системд шилжих хугацааны талаар,
  • PBN-ийг Монгол Улсад хэрэгжүүлэх ажлын явцын талаар,
  • 2012 new Flight Plan format-ийг хэрэгжүүлэх ажлын явцын талаар.

Танилцуулга хийгдсэний дараа БНХАУ болон Монгол Улсын Нислэгийн хөдөлгөөний төв хоорондын харилцан ажиллагааны гэрээ /Letter of Agreement/-нд оруулж буй нэмэлт өөрчлөлтийн төслийг танилцууллаа. Энэхүү төсөлд дараах сэдвүүд хамарсан болно. Үүнд:

Ижил чиглэлд, ижил өндөрт нисэж буй агаарын хөлгүүдийн хооронд тууш зайчлал агаарын хөлгийн удирдлага шилжүүлэх цэг дээр 90 км-ээс багагүй байна. /зөвхөн NIXAL, INTIK, POLHO цэгүүд дээр буюу Бээжин, Хөххотын НХУ-ын төвүүд хоорондын гэрээнд/

  1. Аль нэг НХУ-ын төвүүд нь тодорхой шалтгааны улмаас 90 км-ийн тууш зайчлал хангаж чадахгүй болсон тохиолдолд процедур удирдлагын зайчлал /10 минут/-ыг нөгөө талын үйл ажиллагаа хэвийн болтол нь баримтлана. /зөвхөн NIXAL, INTIK, POLHO цэгүүд дээр буюу Бээжин, Хөххотын НХУ-ын төвүүд хоорондын гэрээнд/
  2. Процедур удирдлагын зайчлал баримталж буй тохиолдолд ДОК 4444-ын 5.4.2.4 /Longitudinal separation minima with Mach number technique based on time/-р заалтын үндэслэн Мах тооны аргачилал ашиглан хугацаагаар зайчлах /зөвхөн MORIT, NIXAL, INTIK, POLHO цэгүүд дээр буюу Ланжоу, Бээжин, Хөххотын НХУ-ын төвүүд хоорондын гэрээнд/
  3. Улаанбаатарын НХУ-ын төвөөс Бээжингийн НХУ-ын төвд удирдлага шилжүүлж буй нислэгийн өндөрт нэмэлтээр 13700 м-ийн нислэгийн цувааг нэмэлтээр оруулах,
  4. НХҮА-ны  ажлын байруудын үйл ажиллагаанд ашиглагддаг телефон утаснуудын дугаарын өөрчлөлтүүдийг шинэчлэх. /ерөнхий нислэгийн удирдагчийн ажлын байрны утасны дугаар, ерөнхий нислэгийн удирдагчийн факсны дугаар, НХҮА-ны даргын факсны дугаарын өөрчлөлт/
  5. Нэмэлт өөрчлөлт оруулж буй гэрээнүүдийн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хугацааг 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 00:01 UTC цагаар тогтох,
  6. Бусад /үг, өгүүлбэр зүйн засварууд/

БНХАУ-ын ATMВ-ийн зүгээс БНХАУ болон Монгол улсын Нислэгийн хөдөлгөөний төв хоорондын харилцан ажиллагааны гэрээ /Letter of Agreement/-нд дараах саналуудыг танилцуулсан болно. Үүнд:

  1. Монголын талаас оруулж буй “Процедур удирдлагын зайчлал баримталж буй тохиолдолд ДОК 4444-ын 5.4.2.4 /Longitudinal separation minima with Mach number technique based on time/-р заалтын үндэслэн Мах тооны аргачилал ашиглан хугацаагаар зайчлах” саналын талаар БНХАУ-ын НХУ-ын хэмжээнд Мах тооны аргачилал ашиглан хугацаагаар зайчлах үйл ажиллагаа ашиглагддаггүй тул хүлээн авах боломжгүй,
  2. Монголын талаас оруулж буй “Улаанбаатарын НХУ-ын төвөөс Бээжингийн НХУ-ын төвд удирдлага шилжүүлж буй нислэгийн өндөрт нэмэлтээр 13700 м-ийн нислэгийн цувааг нэмэлтээр оруулах” саналын талаар уг нислэгийн цувааны агаарын зай нь БНХАУ-ын цэргийн бүсэд харьяалагддаг тул хүлээн авах боломжгүйг тус тус мэдэгдсэн.
  3. Мөн Хөх хот болон Улаанбаатарын НХУ-ын төв хоорондын харилцан ажиллагааны гэрээнд “6300 м-ээс доош ижил чиглэлд, ижил өндөрт нисэж буй агаарын хөлгүүдийн хооронд тууш зайчлал агаарын хөлгийн удирдлага шилжүүлэх цэг дээр 10 минутаас багагүй байна.” гэсэн заалтыг нэмэлтээр оруулах төслийг танилцуулсан.

Харилцан яриа, уулзалтын үр дүнд Монголын талаас оруулж буй бусад саналууд болон БНХАУ-ын ATMВ-ийн зүгээс Хөх хот болон Улаанбаатарын НХУ-ын төв хоорондын харилцан ажиллагааны гэрээнд оруулж буй саналыг тусгасан дараах гэрээнүүдийг баталгаажууллаа. Үүнд:

  • Бээжин болон Улаанбаатарын НХУ-ын төв хоорондын харилцан ажиллагааны гэрээ,
  • Хөх хот болон Улаанбаатарын НХУ-ын төв хоорондын харилцан ажиллагааны гэрээ,
  • Ланжоу болон Улаанбаатарын НХУ-ын төв хоорондын харилцан ажиллагааны гэрээ,
  • Өрөмч болон Улаанбаатарын НХУ-ын төв хоорондын харилцан ажиллагааны гэрээ,
  • Хайлаар болон Улаанбаатарын НХУ-ын төв хоорондын харилцан ажиллагааны гэрээ.

3.2.  МОНГОЛ УЛСАД БОДИТ АЖИГЛАЛТЫН СИСТЕМ ХЭРЭГЖҮҮЛСЭН ТАЛААР ТАНИЛЦУУЛЖ ЦААШИД ХОЁР ТАЛ ATS INTER FACILITY DATA COMMUNICATION (AIDC) БА ATN ХОЛБОЛТЫГ ХИЙХ ТАЛААР ХАМТРАН АЖИЛЛАХ, САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ

Монгол Улсын агаарын зайд бодит ажиглалтын тоног төхөөрөмжийг нислэгийн хөдөлгөөний үйлчилгээнд ашиглаж эхэлсэнтэй холбогдуулан тус системийн ашиглалт болон цаашид ажиглалтын тоног төхөөрөмжийн нөөцийг бий болгох, цар хүрээг өргөтгөх талаар авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар товч танилцууллаа.

БНХАУ-ын Нислэгийн хөдөлгөөний менежментийн товчооны төлөөлөгчид дээрх ажлыг сайшаан хүлээн авсан бөгөөд цаашид хилийн бүсэд байрлаж байгаа ажиглалтын радиолокаторуудын мэдээллийг харилцан солилцох талаар санал тавьсан.

БНХАУ-ын тал нь дотооддоо ADS-B ажиглалтын тоног төхөөрөмжийг үйлдвэрлэх ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд энэ систем нь GPS, GLONASS системүүдэд ажиллах чадвартай тухай танилцуулсан бөгөөд 500 ширхэг ADS-B тоног төхөөрөмжийг суурилуулахаар төлөвлөсөн байна. Үүнтэй уялдуулан ADS-B data share хийх боломж нөхцөл бүрдэж байна.

Мөн тус уулзалт хуралдаанд Монгол улс болон БНХАУ хооронд үүсгэсэн дамжуулах байгууламж болон түүний ашиглалт хэрэглэгээний талаар танилцуулга хийж, одоо ашиглагдаж байгаа оптик дамжуулах байгууламжийн ашиглалтыг сайжруулах, үр ашигтайгаар зохион байгуулах зорилгоор хоёр улсын хооронд ATN-ын холболтыг бий болгох саналыг тавьж энэ ажлын эхлэл болгон техникийн санамж бичгийг зурах хүсэлтийг манай талаас дэвшүүлэн тавьсан.

Хоёр улсын хооронд ATN-ын холболтыг үүсгэснээр AIDC технологийг ашиглах нөхцөл боломж бий болох чухал ач холбогдолтой юм.

Манай талаас дэвшүүлэн тавьсан дээрх хүсэлтийг БНХАУ-ын тал дэмжин хүлээн авч санамж бичигтэй танилцаж холбогдох саналыг хүргүүлэх болсон.

3.3.  ХОЁР УЛСЫН АГААРЫН ЗАЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН УЯЛДААГ САЙЖРУУЛАХ, НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТААТАЙ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭХ ЗОРИЛГООР NIXAL, MORIT АГААРЫН ХААЛГУУДЫН ХООРОНД ШИНЭЭР АГААРЫН ХААЛГА НЭЭХ САНАЛЫГ ШИНЭЧЛЭН ТАВЬЖ ХЭЛЭЛЦСЭН ТУХАЙ.

Монгол Улсын агаарын зайн болон агаарын замын сүлжилийн талаар түүнд үүсээд байгаа хүндрэлүүдийг даван гарах арга замуудын талаарх танилцууллагыг нийт оролцогсодод тавилаа.

Шинэ агаарын хаалгыг 108 дугаар уртрагын хийлийн бүсийн огтлолцол дээр нээх саналтай байгаа талаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Нислэгийн хөдөлгөөний менежментийн товчоо (ATMB)-ны төлөөлөгчидтэй санал солилцлоо.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Нислэгийн хөдөлгөөний менежментийн товчоо (ATMB)-ны талаас урьд нь бидэнд илгээж байсан NIXAL цэгийг нүүлгэх талаарх IATA-ийн саналыг хүлээж авах боломжтойг сонирхож байсныг Монгол Улсын агаарын зайн зохион байгуулалтад үүсээд байгаа өнөөгийн асуудлуудыг шийдвэрлэж чадхааргүй шийдэл гэсэн дүгнлт хийж байгаагаа илэрхийлсэн.

Цаашид монголын талын саналыг судлаж хариу мэдэгдэхээ илэрхийлэхийн сацуу  Нислэгийн хөдөлгөөний менежментийн товчоо (ATMB)-ны агаарын зайн зохион байгуулалтын хэсгийн инженер Zhang Ying (tel: 86 10 87786837, e-mail: zhangying@atmb)-тай холбоотой ажиллахыг зөвшилцсөн болно.

3.4.  ОХУ, МОНГОЛ УЛСЫН ЭРЭН ХАЙХ, АВРАН ТУСЛАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАСАН ТУРШЛАГА, ХАМТАРСАН СУРГУУЛАЛТЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОЖ, ХОЁР УЛСЫН ХООРОНД ЭРЭН ХАЙХ, АВРАН ТУСЛАХ ЧИГЛЭЛЭЭР ГЭРЭЭ БАЙГУУЛАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦСЭН ТУХАЙ,

ИНЕГ-ын төлөөлөлөгчидыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэний нисэхийн газрын, аюулгүй ажиллагааны менежментийн албаны дарга Liu Yang тэргүүтэй албаны хүмүүс хүлээн авч уулзлаа.

Энэхүү уулзалтын үеэр сүүлийн жилүүдэд хоёр тал, эрэн хайх, авран туслах хамтын үйл ажиллагааны талаар хийгдсэн ажлуудыг  танилцуулсан бөгөөд хамтын ажиллагааны засгийн газар хоорондын гэрээ байгуулах ажил ямар шатандаа явж байгааг дүгнэж ярилцлаа.

Манай талаас дээрх гэрээний төслийг 2005 оноос хойш нийт 3-н удаа Монгол Улсын болон БНХАУ-ын засгийн газар хоорондын хэлэцээрт санал оруулж байсан бөгөөд  тухайн бүрийн шийдлийн талаар танилцуулсан ба цаашид авах арга хэмжээг тохиролцлоо. Үүнд:

  1. Нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны тал дээр Монгол Улсын болон БНХАУ-ын засгийн газар хоорондын хамтран ажиллах гэрээний төслийг дахин боловсруулах
  2. Монгол Улсын болон БНХАУ-ын засгийн газар хоорондын дараагийн хэлэлцээрт уг хамтран ажиллах гэрээний төслийг дахин оруулах саналыг хоёр талын засгийн газарт хүргүүлэх.
  3. ИНЕГ болон БНХАУ-ын иргэний нисэхийн газар хоорондын ажлын хэлэлцээрийн төслийн төслийг боловсруулж талуудад танилцуулах ажлыг эхлүүлэх.
  4. ИНЕГ-ын талаас АНҮГ-ын Мэргэжлийн хэлтсийн дарга П.Пүрэвсүх БНХАУ-ын иргэний нисэхийн газрын талаас аюулгүй ажиллагааны менежментийн албаны дарга Liu Yang нар тус тус уг гэрээний боловсруулалт болон хоёр талд танилцуулахыг хариуцаж ажиллахаар тохиролцлоо.

3.5.  НИСЛЭГИЙН ЦУВААНЫ ФУТИЙН СИСТЕМД ШИЛЖИХ БОЛОЛЦООНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦСОН ТУХАЙ.

ИНЕГ-ын төлөөлөгчид нь өөрийн улсын агаарын зайд нислэгийн багасгасан босоо зайчлал хэрэгжүүлсэн талаар товч тайланг нийт оролцогсдод танилцуулсан бөгөөд  нислэгийн цувааны хэмжих нэгжийн ялгаанаас Оросын Холбооны Улстай хиллэдэг агаарын хаалгууд дээр үүсээд байгаа шилжилтийн бүсийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Цаашид Монгол Улс футийн нислэгийн цувааны схемийг сонгож байгаа ба шилжилтийн ажлыг 2013 оноос эхлүүлэх төлөвлөгөөтэй байгааг нийт хуралд оролцогсодод мэдээлсэн ба тухайн үед шилжилтийн бүсийг Бүгд Найрамдах Хятад Ард Улстай хиллэдэг агаарын хаалгууд дээр үүсгэхгүйн тулд талууд хамтарч, нэг ижил хугацаанд  футийн нислэгийн цувааны схемийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.

БНХАУ-ын тал уг асуудлыг нааштайгаар хүлээж авсан ба энэ талаар судалгааны ажил хийж байгаагаа мэдээлсэн. Гэвч БНХАУ-ын цэргийн нисэх хүчний албаны төлөөлөлтэй уулзалтуудыг хийх шаардалагатай байгаа ба энэ нь тодорхой хугацаа шаардадгийг илэрхийлсэн.

3.6.  БНХАУ-ЫН ИРГЭНИЙ НИСЭХИЙН МЕНЕЖМЕНТИЙН ГАЗРЫН ХАРЪЯА ШАЛГАЛТЫН НИСЛЭГИЙН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАХ, ХОЛБОГДОХ ХҮМҮҮСТЭЙ УУЛЗАХ /НЭМЭЛТ/

Уулзалт хуралдааны үеэр хурал удирдагч ноён Wen Libin (Deputy Chief Engineer) БНХАУ-ын Иргэний нисэхийн менежментийн газрын харъяа Шалгалтын нислэгийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, холбогдох албан тушаалтантай уулзахыг санал болгосны дагуу тус төвийн үйл ажиллагаатай товч танилцлаа.

Тус төвийн үйл ажиллагааны цар хүрээ болоод материаллаг бааз нь орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан, чадварлаг боловсон хүчинтэй улсдаа төдийгүй бүс нутагтаа нэр хүнд бүхий байгууллага юм.

АНҮГ-ын харъяа Шалгалтын нислэг зураглалын албанаас тус байгууллагатай хамтын ажиллагааны гэрээг байгуулахаар 2011 оноос эхлэн хүсэлт тавьж ирсэн бөгөөд тус төвийн зүгээс манай байгууллагатай хамтран ажиллах хүсэлтийг хүлээн авч холбогдох мэргэжилтэнгүүдийг хүлээн авч уулзахаар тохиролцов.

4.    ДҮГНЭЛТ:

Уулзалт хуралдаантай холбоотойгоор дараахь ажлуудыг хийж гүйцэтгэх шаардлагатай байна. Үүнд:

  • RAIM-ийн судалгааг Олон улсын иргэний нисэхийн байгууллага ИКАО-оос өгсөн зөвлөмжийн дагуу Тайланд улстай хамтран яаралтай эхлүүлэх
  • Хоёр улсын хооронд ATN холболтыг эхлүүлэх, турших ажлыг энэ ондоо багтаан яаралтай эхлүүлэх. Энэ ажилтай холбогдуулан ATN router-ийн төхөөрөмжийг худалдан авах ажиллагааг шуурхай шийдвэрлэх, идэвхи санаачлагатай ажиллах
  • БНХАУ-ын Иргэний нисэхийн менежментийн газрын харъяа Шалгалтын нислэгийн төвтэй хамтран ажиллах гэрээг байгуулах
  • ИНЕГ-аас шинэ агаарын хаалга нээх тухай хүсэлтийг БНХАУ-ын иргэний нисэхийн газарт албан тоотоор хүргүүлэх.
  • Нислэгийн өндрийн цуваачлалыг футийн хэмжигдэхүүнд шилжүүлэх ажлын төлөвлөгөө яаралтай боловсруулж БНХАУ-ын талд мэдэгдэх.

 

Сэтгэгдэл үлдээх

Нэвтрэх

Twitter Widget

Archives