Мэндчилгээ

Монголын хөх тэнгэрт дүүлэн нисэх агаарын хөлгүүдийн нислэгийн аюулгүй байдлыг ханган ажиллах энэ хүндхэн бөгөөд хүндтэй албанд  оюун, сэтгэлээрээ оролцож буй та бүгдийнхээ энэ өдрийн амар амгаланг эрье.

Иргэний нисэхийн салбарт агаарын навигацийн үйлчилгээний боловсон хүчин та бид ирээдүйн нисэхийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж  иргэний нисэхийн түүхийн нэгээхэн хуудсыг  хамтдаа бичилцэж яваа билээ.

Манай салбар 2014 онд үзүүлэлтэд тулгуурласан навигаци /PBN/-ийг нэвтрүүлэх талаар Олон улсын иргэний нисэхийн байгууллагатай хамтран ажиллах “Хамтын ажиллагааны санамж бичиг” зурагдсаны дагуу Монгол Улсын агаарын зайд PBN-ийг нэвтрүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж байна. Тухайлбал, Улаанбаатар, Мөрөн нисэх буудлуудад PBN-ээр нислэг үйлдэх нислэгийн журам боловсруулан ОУИНБ-ын мэргэжилтнүүдтэй хамтран газрын баталгаажуулалтыг хийлээ. Мөн дээд агаарын зайд PBN агаарын зам тогтоох агаарын зайн зохион байгуулалтын төслийг хийж гүйцэтгэлээ.  Төлөвлөгөөний дагуу хийж буй дараагын алхам бол PBN-ий талаар авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа олон улсад сурталчилах, агаарын тээвэрлэгчдэд танилцуулж тэдгээрийн санал хүсэлтийг хүлээн авах, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлж хамтын ажиллагааг сайжруулах олон улсын хэмжээний уулзалт зохион байгуулах юм.

Нислэгийн хөдөлгөөний урсгал зохицуулалтыг оновчтой болгох, агаарын зайн ашиглалтыг сайжруулах, эрчимжиж буй нислэгийн хөдөлгөөний саатал давхцлыг арилгах, нислэгийн удирдагч нарын ажлын ачааллыг бууруулах, нисэхийн аюулгүй ажиллагаанд гарч буй хүндрэл эрсдлийг бууруулах ажлын хүрээнд хэд хэдэн томоохон ажлуудыг энэ онд хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна. Үүнд: хэвтээ зайчлалыг багасгах, метрээс футын системд шилжин орох, хамааралтай ажиглалтын систем буюу ADS-B ES системийг үйл ажиллагаанд нэвтрүүлэх, Нисэхийн мэдээллийн үйлчилгээгээр ОУИНБ-ын сертификаттай сургалт зохион байгуулах, нийт газрын хэмжээнд шийтгэлгүй мэдээллийн систем нэвтрүүлэх  гэх мэт болно.

Бидний хувьд 2015 он  хөгжлийн шинэ шатанд тэмүүлсэн, ажил үйлс өрнөсөн жил болно. Миний бие эдгээр зорилтот ажлуудыг хэрэгжүүлэхэд хичээнгүйлэн зүтгэх бөгөөд нисэхээр овоглосон мэргэжлийн нөхөд та бүхнээсээ энэ хамтын үйлсэд үлэмж хувь нэмэрээ оруулж Иргэний нисэхийн түүхийн хуудаснаа амжилтыг хамтдаа тодоор бичилцэхийг хүсэж нийт хамт олон та бүхэндээ ажлын өндөр амжилт бүтээлийг хүсэн ерөөе.

Монгол Улсын иргэний нисэхийн Агаарын навигацийн үйлчилгээг Ази номхон далайн бүс нутгийн хэмжээнд тэргүүлэх улсуудын нэг болгохын төлөө хамтдаа урагшлая, хөгжин дэвжье!

НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨН УДИРДАХ ГАЗРЫН ДАРГА

Нэвтрэх

Twitter Widget

Archives